Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын стратегийн зорилго, зорилтууд

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД

Зорилго: Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүн амыг олон улсын стандартын шаардлагад нийцсэн чанартай, аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй эм, эмнэлгийн хэрэгслээр хангаж, нотолгоонд суурилсан хараат бус мэдээллийг баталгаажуулан түгээж, үйл ажиллагаандаа дэвшилтэт техник технологи ашиглан олон талт, тогтвортой хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ.

Зорилт:

Стратеги зорилт 1:

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангаж, төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлнэ.

Стратеги зорилт 2:

Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн ил тод байдлыг хангаж, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүртээмжид нөөцийн мэдээний санг ашиглан дүн шинжилгээ хийнэ.

Стратеги зорилт 3:

 

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт,  аюулгүй байдлыг хангана.

Стратеги зорилт 4:

Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллагад тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд тавих стандартын шаардлага, импорт, экспортын лиценз олгох шалгуурыг шинэчилж,  эмийн эмнэлзүйн туршилтын эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Стратеги зорилт 5:

Эм, эмийн түүхий эд, оношлуурын бүртгэлийн үйл ажиллагаанд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлнэ.

Стратеги зорилт 6:

Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийг чадавхжуулж, фармаковижилансын үндэсний сүлжээг хөгжүүлнэ.

Стратеги зорилт 7:

Зах зээл дэх эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын тандалтыг эрсдэлд суурилан явуулж, хуурамч, стандартын бус эм зах зээлд нэвтрэхээс сэргийлнэ.

Стратеги зорилт 8:

Зар сурталчилгааны зөвшөөрөлд тавигдах шаардлагыг тодорхой болгож, хэрэгжилтэд тогтмол хяналт тавина.

Стратеги зорилт 9:

Эмийн мэдээллийн хараат бус, бодит байдлыг хангаж, эм, оношлуурын хэрэглэх зааврыг баталгаажуулан эмнэлгийн мэргэжилтэн болон иргэдэд түгээнэ.

Стратеги зорилт 10:

Эм шинжлэх лабораторийн чадавхийг нэмэгдүүлж, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, уламжлалт эмийн стандартыг шинэчилж, вакцин, биобэлдмэлийн  цувралыг чөлөөлөх ажлыг хэрэгжүүлнэ.

Стратеги зорилт 11:

Эм зүйн тусламж, үйлчилгээнд олон улсын стандарт (GMP, GLP, GDP, GSP, GCP, GPP)-ын шалгуурыг ашиглан эрсдэлд суурилсан хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлнэ.


ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

1. Нэгдсэн Үндэсний Байгууллагын "Тогтвортой хөгжлийн зорилт-2030", "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, "Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого"-д тусгагдсан Монгол хүний эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилго, зорилтын хэрэгжилтийг хангах;

2. Эм зүйн салбарыг нэгдсэн удирдлагын тогтолцоонд шилжүүлэх, боловсронгуй болгох;

3.  Эрүүл мэндийн, Эмнэлгийн тусламж үйлчилгээний, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

4. Эмийн шинжилгээний сүүлийн үеийн аргачлалыг нэвтрүүлж, эмийн чанарыг олон улсын түвшинд шинжилж, чанарын баталгаажилтын оновчтой арга замыг нэвтрүүлэх;

5. Эмийн үнийн хяналт, зайлшгүй шаардлагатай эм, өнчин эм, төрөөс төлбөрийг нь хариуцах эмийн тасралтгүй хангамжийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх замаар хүн амын хэрэгцээг хангаж, эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах.


Хариуцсан албан хаагч: 

Маркетинг, тайлан, төлөвлөгөө

    нэгтгэл хариуцсан мэргэжилтэн

Б.Анхзаяа

Утас: 8866-1111